Архаг В вируст гепатиттай өвчтөнүүдэд зөвхөн Элэгний хорт хавдраас гадна “Бусад эрхтний хорт хавдар”-ын эрсдэл нэмэгддэг
• Архаг В гепатиттай хүмүүсийн хувьд ходоод, уушги, бүдүүн гэдэс зэрэг элэгнээс гаднах хорт хавдар (элэгний гаднах хавдар) үүсэх магадлал өндөр.
• Харин вирусийн эсрэг эм (антивирус эм) тогтмол хэрэглэвэл вирусийн үржлийг дарангуйлж, элэгнээс гаднах хавдрын эрсдэлийг бууруулж чадна.
Архаг В вируст гепатиттай өвчтөнүүд нь зөвхөн элэгний хорт хавдраар зогсохгүй, ходоод, уушги, бүдүүн гэдэс зэрэг элэгнээс гаднах хорт хавдрын (цаашид “элэгний гаднах хавдар”) эрсдэл өндөр байдаг нь дэлхийд анх удаа тогтоогдлоо.
Мөн архаг В гепатиттай хүмүүс нь халдваргүй хүмүүсээс элэгний гаднах хавдраар өвчлөх эрсдэл илүү байдаг бөгөөд харин вирусийн эсрэг эмийг уувал уг эрсдэл нь халдваргүй хүний түвшинтэй ойролцоо хүртэл буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Сөүлийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний тасгийн профессор И Жон Хүн тэргүүтэй судалгааны баг (Сөүл хотын Борамаэ эмнэлгийн профессор И Дун Хён, клиникийн багш Жон Сон Вон нар) Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 776,380 хүний мэдээллийг ашиглан, элэгний гаднах хавдрын үүсэх эрсдэл болон архаг В гепатит, вирусийн эсрэг эмчилгээний хоорондын хамаарлыг шинжилсэн судалгааны үр дүнгээ 26-ны өдөр танилцуулжээ.
В вируст гепатит нь Солонгос болон Ази-Номхон далайн бүс нутагт түгээмэл тохиолддог өвчин бөгөөд архаг В гепатиттай бол элгэнд удаан хугацааны үрэвсэл үүсч, улмаар элэгний хатуурал (цирроз) болон элэгний хорт хавдрын эрсдэл нэмэгддэг.
Бодит байдал дээр архаг В гепатиттай 10 өвчтөн тутмын 1-д нь 10 жилийн дотор элэгний хорт хавдар үүсдэг байна.
Сүүлийн үед В гепатитын вирус нь зөвхөн элгэнд бус, бусад эрхтнүүдээс ч илэрч байгаа бөгөөд архаг В гепатиттай өвчтөнүүдэд эрүүл хүмүүстэй харьцуулахад Ходжкин бус лимфом зэрэг зарим төрлийн элэгний гаднах хорт хавдар илүү их тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна.
Иймд судалгааны баг архаг В гепатит болон элэгний гаднах хавдрын хоорондын хамаарлыг тогтоох зорилгоор 2012–2014 онд архаг В гепатит гэж оношлогдсон өвчтөнүүд болон ердийн хүн амын дунд элэгний гаднах хавдрын үүсэлтийн түвшинг харьцуулан судалсан байна.
Судалгаанд оролцогчдыг
▲ Архаг В гепатит + В вирусийн эсрэг эм хэрэглэсэн
▲ Архаг В гепатит + В вирусийн эсрэг эм хэрэглээгүй
▲ Элэгний В вирусын Халдваргүй хүмүүс
гэсэн 3 бүлэгт ангилан, ойролцоогоор 4 жилийн турш ажиглан судалжээ.

Шугамын тайлбар
• Архаг В гепатит +В вирусын эсрэг эм хэрэглээгүй – Улаан шугал
• Энгийн хүн ам – Цэнхэр шугам
• Архаг В гепатит + В вирусын эсрэг эм хэрэглэсэн - Ногоон шугам
[График-Судалгаанд] Элэгний гаднах хавдрын үүсэлтийн хувь
Архаг В гепатиттай бөгөөд вирусийн эсрэг эм хэрэглээгүй бүлэгт элэгний гаднах хавдрын эрсдэл нь халдваргүй хүн амтай харьцуулахад ойролцоогоор 22%-иар өндөр байв.
Харин вирусийн эсрэг эм хэрэглэсэн бүлгийн хувьд элэгний гаднах хавдрын эрсдэл нь халдваргүй хүн амын түвшинтэй төстэй байсан.
Судалгааны үр дүнгээс харахад, архаг В гепатиттай бөгөөд вирусийн эсрэг эм хэрэглээгүй бүлгийнхний хувьд элэгний гаднах хавдрын эрсдэл нь халдваргүй хүмүүсээс ойролцоогоор 22%-иар өндөр байв. Ялангуяа вирусийн эсрэг эм хэрэглээгүй бүлэгт ходоодны хавдар, уушгины хавдар, бамбай булчирхайн хавдар, бөөрний хавдар, Ходжкин бус лимфом, нойр булчирхайн хавдар, цөсний хүүдийн хавдрын эрсдэл харьцангуй өндөр байсан.
Харин архаг В гепатиттай бөгөөд вирусийн эсрэг эм хэрэглэсэн бүлгийн хувьд элэгний гаднах хавдрын үүсэлтийн түвшин нь халдваргүй хүмүүстэй ялгаагүй байжээ.
Энэхүү үр дүнд тулгуурлан судалгааны баг В гепатитын вирус нь элэгний гаднах хавдрын үүсэлтэд нөлөөлж болзошгүй бөгөөд вирусийн эсрэг эмийг хэрэглэсэн тохиолдолд элэгний хавдартай адил элэгний гаднах хавдрын эрсдэлийг бууруулах боломжтойг тогтоосон байна.
Профессор И Жон Хүн “Энэхүү судалгаагаар архаг В гепатиттай өвчтөнүүдэд зөвхөн элэгний хавдраар зогсохгүй, ходоод, уушги, бүдүүн гэдэс зэрэг олон төрлийн бусад хавдрын хувьд ч идэвхтэй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ шаардлагатайг баталлаа. Архаг В гепатит нь зөвхөн элэгний хавдар бус, бусад төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул нийгэм, эдийн засгийн томоохон асуудал үүсгэж байна. Ялангуяа манай улсад өвчтөн олонтой тул судлаачид өндөр хариуцлагатайгаар үргэлжлүүлэн судлах шаардлагатай” хэмээн хэлжээ.
Профессор И Дун Хён болон клиникийн багш Жон Сон Вон нар “Архаг В гепатиттай өвчтөнүүдийг эмчлэхэд вирусийн эсрэг эм нь элэгний гаднах хавдрын үүсэлтийг бууруулдаг болохыг тогтоосон нь чухал ач холбогдолтой. Цаашид зардал-үр ашгийн талаас вирусийн эсрэг эмчилгээний ач холбогдлыг илүү өндөр үнэлэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хавдар судлалын салбарын нэр хүндтэй сэтгүүл болох “Journal of Clinical Oncology” (IF=44.544)-д цахимаар нийтлэгдсэн байна.

[Зүүн талаас] Prof. Jeong-Hoon Lee (Seoul National University Hospital), Prof. Dong-Hyun Lee (SMG-SNU Boramae Medical Center), Clinical Instructor Sung-Won Jung