Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (SNUH) Нэг зүслэгт робот хагалгаагаар амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын Азид анх УДАА амжилттай гүйцэтгэлээ
- Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (SNUH) нэг зүслэгт Робот хагалгаагаар амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Азид анх УДАА амжилттай гүйцэтгэлээ.
- Донор болон бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөн аль альд мэс заслын сорви бага, хамгийн бага өвдөлийг мэдрүүлэн, хагалгааны дараах эдгэрэлтийг хурдасгахаас гадна гоо сайхны сэтгэл ханамжийг ч нэмэгдүүлнэ.

[Зураг] 'Да Винчи SP'-г ашиглан нэг зүслэгт /нүхт/ роботоор бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дүр зураг. Зүүн талд мэс заслын өрөөний доторх байдал, баруун талд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Шилжүүлэн Суулгах ба Судасны Мэс Заслын тасгийн профессор Ха Жун-Вон консолоос мэс заслыг удирдаж буй төрх
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах баг болон судасны мэс заслын тасгийн профессор Ха Жун-Вон тэргүүтэй баг нэг зүслэгт (single port) роботыг ашиглан амьд донорын бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг тогтвортой хийж, аюулгүй байдал болон эмчилгээний үр дүнг баталж байна. Өнгөрсөн 2-р сард нэг нүхний роботоор донороос бөөр авах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн бол, 3-р сард хүлээн авагчид мөн нэг нүхний роботыг ашиглан бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг АНУ-ын дараа дэлхийд хоёр дахь, Азид анх удаа амжилттай хийлээ. Үүнээс хойш тус аргыг тууштай хэрэглэж, эмнэлзүйн туршлагаа өргөжүүлсээр байна.
Энэхүү нэг нүхний робот мэс засал нь зөвхөн нэг хэсэгт зүслэг хийдэг хамгийн бага инвазив арга юм. Донорт хүйс орчимд ойролцоогоор 3-4 см, хүлээн авагчид хэвлийн доод хэсэгт ойролцоогоор 6см-ийн нэг зүслэг хийж, зүслэг хийх хэмжээг уламжлалт нээлттэй мэс засалтай харьцуулахад эрс багасган, өвдөлт болон эдгэрэлтийн ачааллыг бууруулдаг.
Ялангуяа хүлээн авагчид бөөр шилжүүлэн суулгахдаа бөөрний артери, вен, шээлүүрийг хязгаарлагдмал хугацаа, орон зайд нарийн холбож (анастомоз), цусны урсгал сэргэсний дараа үүсэх бичил цус алдалтыг хүртэл хурдан хянах шаардлагатай. Үүнийг нэг нүхээр гүйцэтгэхийн тулд өндөр ур чадвар болон стандартчилагдсан мэс заслын протокол зайлшгүй шаардлагатай.

[Зураг] Мэс заслын аргаас хамааран донор (бөөр авах) болон хүлээн авагчид (бөөр шилжүүлэн суулгах) хийх зүслэгүүдийн байршлын харьцуулалт: Нэг нүхний робот мэс засал нь донор (хүйс 3-4 см) болон хүлээн авагч (хэвлийн доод хэсэг 6см) хоёуланд нь ганцхан зүслэгээр мэс заслыг хийх боломжтой тул уламжлалт аргаас хамаагүй бага сорви үлдээдэг.
Уламжлалт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нээлттэй мэс засал, хэвлийн дурангийн мэс засал, эсвэл олон нүхний робот мэс засал зэрэг аргуудаар гүйцэтгэж ирсэн. Нээлттэй мэс засал нь ойролцоогоор 20 см-ээс дээш зүслэг хийх шаардлагатай тул эдгэрэлт удаан, сорви том үлддэг.
Хэвлийн дуран болон олон нүхний робот мэс заслууд нь зүслэг хийх хэмжээг багасгасан ч хэвлийн хэд хэдэн хэсэгт зүслэг хийх хэрэгтэй хэвээр байдаг. Харин нэг нүхний робот нь донорт хүйс орчимд, хүлээн авагчид хэвлийн доод хэсэгт тус тус ганцхан зүслэгээр мэс заслыг хийх боломжтой тул зүслэг хийх хэмжээг эрс багасгахын зэрэгцээ мэс заслын нарийвчлалыг бүрэн хадгалдаг.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг одоогийн байдлаар нийт 10 удаагийн (донор 5, хүлээн авагч 5) нэг нүхний робот бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна. Үүний тод жишээ бол бөөрний архаг дутагдалтай байсан 52 настай эмэгтэй өвчтөнд түүний 24 настай хүү нь бөөрөө шилжүүлэн суулгасан тохиолдол юм. Донор xүйс орчимд 3-4 см-ийн жижиг сорви үлдээж, мэс заслаас хойш 3хоногийн дараа эмнэлгээс гарсан. Хүлээн авагч xэвлийн доод хэсэгт 6см-ийн жижиг сорвитой үлдэж, 7хоногийн дараа эмнэлгээс гарсан. Хүлээн авагчийн бөөрний үйл ажиллагааг илтгэх креатинины түвшин мэс заслын өмнөх 10.7 мг/дЛ-ээс мэс заслын дараа 0.76 мг/дЛ болж хэвийн хэмжээнд хүрсэн бөгөөд одоог хүртэл тогтвортой байна.
Түүнчлэн, олон ууттай бөөрний өвчин, IgA нефропати зэрэг оноштой, шилжүүлэн суулгах шаардлагатай бусад өвчтөнүүд нэг нүхний робот мэс заслын ачаар хурдан эдгэрч, гоо сайхны өндөр сэтгэл ханамжтай байжээ. Өвдөлт болон сорвийн ачаалал багассанаар өвчтөний бие махбод, сэтгэл зүйн дарамт хөнгөрч, амьдралын чанар дээшлэхэд хувь нэмэр оруулж байна. Энэхүү давуу тал нь уламжлалт нээлттэй мэс засалд хүндрэлтэй байсан өндөр эрсдэлтэй болон өндөр настай донор, хүлээн авагчдад ч уг аргыг хэрэглэх боломжийг өргөжүүлж байна.
Мэс заслыг удирдан гүйцэтгэсэн профессор Ха Жун-Вон (Эрхтэн Шилжүүлэн Суулгах Төв ба Судасны Мэс Заслын тасаг) “Нэг нүхний робот амьд донорын бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь уламжлалт нээлттэй мэс засалтай адил аюулгүй байдлыг хадгалахын зэрэгцээ, зүслэг болон өвдөлтийг багасгаж, эдгэрэлтийг хурдасган, гоо сайхны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ энэ арга бүх өвчтөнд тохиромжтой биш тул тухайн хүний биеийн байдлыг нарийн үнэлж, эмчтэй хангалттай зөвлөлдсөний дараа хамгийн тохиромжтой мэс заслын аргыг сонгох нь чухал” гэж хэлсэн.
Түүнчлэн, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь Эрхтэн Шилжүүлэн Суулгах ба Судасны Мэс Заслын тасгийг төвлөрүүлэн Бөөрний Дотоод Өвчин, Мэдээгүйжүүлэг ба Өвдөлт Намдаах, Робот Мэс Заслын төв зэрэг холбогдох тасгуудтай нягт хамтран ажилладаг олон талт эмчилгээний тогтолцоог (multidisciplinary care system) хэрэгжүүлж байгаа нь өндөр нарийн мэс заслуудын тогтвортой байдал, гүйцэтгэлийг хангахад тус болж байна.