Амьдралын хэв маягаа эргэн харцгаая "Амны хөндийн хорт хавдар"
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн профессор Жон Ин Жэ, амны хөндийн хорт хавдрын тодорхойлолт, шинж тэмдэг, эмчилгээний талаар танилцуулж байна.
Өдөрт нэг хайрцгаас илүү тамхи татдаг хүмүүс амны хөндийн хорт хавдар тусах магадлал жирийн хүмүүсээс 10 дахин их байдаг. Түүнчлэн тамхи, архийг хамт хэрэглэх тохиолдолд өвчлөлийн түвшин улам нэмэгддэг. Тиймээс өдөр тутмын амьдралын хэв маяг тань амны хөндийн хорт хавдар үүсэхэд нөлөөлж буй эсэхийг хянах хэрэгтэй.
Харьцангуй саяхныг хүртэл эрчүүдэд илүү их тохиолдож байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүдийн өвчлөлийн тоо бага багаар нэмэгдэж байна. Амны хөндийн хорт хавдрын тодорхойлолт, шинж тэмдэг, эмчилгээний талаар Сөүл үндэсний их сургуулийн эмнэлгийн
чих хамар хоолойн тасгийн профессор ЖонИнЖэ -тэй ярилцлаа.
1. Амны хөндийн хорт хавдар гэж юу вэ?
Амны хөндийн хорт хавдар нь тагнайнаас эхлэн буйл, завжны салст бүрхэвч, хэл, хэлний ёроол, араа шүдний хойд хэсэг, эрүү эсвэл уруул, ам залгиур (хэлний арын хэсэг), хүзүүтэй холбогдсон хэсэг зэрэг ам доторх аль ч хэсэгт тохиолдож болох хорт хавдар юм. Эдгээрийн дотроос хэлний дээд, доод эрүү болон буйл, завжны салст бүрхэвч зэрэгт ихэвчлэн тохиолддог.
2022 оны улсын бүртгэлийн хорт хавдрын статистик мэдээгээр 2020 оны байдлаар амны хөндийн хорт хавдрын 4064 тохиолдол бүртгэгдсэн нь нийт хавдрын 1.6 хувийг эзэлж байна.
2. Амны хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан
Амны хөндийн хорт хавдар нь тодорхой хэсэгт үүсээд арилах бус үргэлжлэн томрох шинж тэмдэгтэй бөгөөд удамшлын хүчин зүйлээс илүүтэй орчны хүчин зүйл илүү их нөлөөлдөг. Тамхи, зажилдаг тамхи, архи, хоолны зуршил, хоол тэжээлийн дутагдал зэрэг нөлөөлдөг бөгөөд архи, тамхи зэргийн хамт хэрэглэсэн тохиолдолд хавдраар өвчлөх магадлал 15 дахин ихэсдэг байдаг.
Амны хөндийн эрүүл ахуй муу эсвэл хиймэл шүднээс үүдэлтэй байнгын цочрол нь хавдар үүсэх гол шалтгаануудын нэг бөгөөд хүний хөхөнцөр вирус, тэмбүү, амны хөндийн салст бүрхүүлийн фиброз зэрэг ч мөн амны хөндийн хорт хавдрын гол шалтгаан болдог.
Сүүлийн үед амны хөндийн хорт хавдрын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвчлөлийн харьцаа 2.7:1 байгаа нь эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн таамаглаж байна.
3. Сэжигтэй шинж тэмдэг
Амны хөндийн хорт хавдрын хувьд эрт илрүүлж, эмчлэх нь хамгийн чухал тул сэжигтэй шинж тэмдгүүдийг мэддэг байх нь тустай юм.
Амны хөндийд цагаан өнгөөр арьсны өнгө өөрчлөгдөж цайрах, улаан толбо, амны хөндийн үрэвсэл зэрэг үрэвсэлтэй шархлаа 3 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн болон эсвэл өвчлөлийн хэмжээ их, цус алдалт, өвдөлт өгөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ гэх мэт нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
[Зураг 1] Амны хөндийн хорт хавдрын сэжигтэй, байнгын арьсны өнгө цайлттай.
[Зураг 2] Амны хөндийн хорт хавдрын сэжигтэй, цус алдалттай шарх
Амны хөндийн хорт хавдар даамжрах тусам голчлон эрүүний доорх тунгалгийн булчирхайд хавдар тархдаг тул хүзүүнд зангилаа мэдрэгддэг. Тиймээс, хэрэв хүзүүнд бөөн юм мэдрэгдэх эсвэл хоол залгих үед гадны биет мэдрэгдэх, өвдөх зэрэг мэдрэмж төрж байвал мэргэжлийн эмчид хандан оношилогоо хийлгэх шаардлагатай.
Амны хөндийн хорт хавдар нь амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл болон шүдний өвчинтэй төстэй тул эрт илрүүлж чадалгүй анзаарахгүй өнгөрөх магадлалтай. Мөн хүзүүний тунгалгийн булчирхайд амархан тархдаг аюултай хорт хавдар тул тогтмол үзлэг хийх шаардлагатай байдаг.
4. Оношилгоо
Амны хөндийн хорт хавдар нь нүдэнд тодорхой харагдаж байгаа тохиолдолд чих хамар хоолойн дурангийн шинжилгээ хийхгүйгээр оношлох боломжтой. Хэрэв хавдар даамжирч гүйлсэн булчирхайд эсвэл хэлний уг руу шилжсэн бол чих хамар хоолойн дурангийн шинжилгээ, дүрс оношилгооны үр дүнг нэгтгэн дүгнэх замаар онош батлагдана.
Амны хөндийн хорт хавдрыг оношлохын тулд аман доторх хавдрын сэжигтэй хэсэгт хэсгийн мэдээ алдуулалт хийж багахан хэсгийг авч, микроскопоор оношлох замаар эдийн шинжилгээ хийдэг. Амны хөндийн гэмтэл нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар эдгэрэхгүй байх, ялангуяа том хэмжээтэй эсвэл өвдөлт зовуурьтай, цус алдалтай байгаа тохиолдолд заавал эдийн шинжилгээ авах замаар баталгаажуулах ёстой.
Түүнээс гадна үсэрхийллийн тодорхой цар хүрээг болон тунгалгийн зангилаа, уушиг, бүх биед үсэрхийлсэн эсэхийг тодорхойлохын тулд компьютер томографи (CT), соронзон резонансын дүрслэл (MRI), позитрон ялгаралтын томографи (PET) зэргийг ашиглагддаг оношилдог.
Амны хөндийн хорт хавдартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн дунд, ялангуяа тамхинаас үүдэлтэй хорт хавдрын үед улаан хоолой, уушги зэрэг бусад эрхтэнд үсэрхийлсэн эсвэл давхардсан хорт хавдар үүсэж болзошгүй тул ходоодны дурангийн шинжилгээ болон нэмэлт дүрс оношилгоо хийх шаардлагатай байдаг.
5. Эмчилгээ
Амны хөндийн хорт хавдрыг эмчлэх аргууд нь үе шат, нас, эрүүл мэндийн ерөнхий байдал, согогийн хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байдаг ч мэс заслын эмчилгээг нэн тэргүүнд тавьдаг. Ерөнхийдөө эрт үеийн амны хөндийн хорт хавдрыг эдгээх хувь өндөр буюу 80% орчим байдаг ч даамжирсан тохиолдолд 30% хүртэл буурдаг болох нь тодорхой болоод байна.
Амны хөндийн хорт хавдрын эхэн үед амны хөндийд амархан дамждаг бөгөөд гэмтлийн хэмжээ том биш тул нэмэлт нөхөн сэргээх мэс засал хийх шаардлагагүй байдаг.
Амны хөндийн хорт хавдар даамжирсан тохиолдолд олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Ихэвчлэн дан мэс заслын аргаар эмчилдэггүй, мэс заслын дараах туяа эмчилгээ эсвэл хими эмчилгээг хослуулан хийдэг. Амны хөндийн хорт хавдар даамжрах тусам амны хөндийн бусад хэсэг эсвэл амны хөндийн эргэн тойрон дахь бүтцэд нэвтэрч, мэс заслын аргаар авах хэсэг нь өргөн хүрээтэй болох магадлалтай байдаг.
Амны хөндийн бүтэц нь хооллох, ярихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс мэс заслын дараах хоёрдогч үйл ажиллагааны алдагдлыг багасгах нь чухал юм. Мөн эрүүний яс зэрэг нүүрний ясыг хамт авах шаардлагатай тохиолдолд нүүрний хэлбэртэй шууд хамааралтай тул зохих нөхөн сэргээлт хийх нь чухал юм.
[Зураг] Дижитал программууд болон 3D хэвлэх технологийг ашиглан амны хөндийн хорт хавдрын өргөн хүрээтэй мэс заслын дараа эрүүний ясыг нарийн дахин сэргээсэн байдал.
Амны хөндийн хорт хавдрын хагалгааны дараах нөхөн сэргээх мэс засал нь гар, хөл, нуруу, хэвлий зэрэг хэсгүүдээс шаардлагатай арьс, булчин, чөмгөний эд зэргийг амны хөндийн шаардлагатай хэсэгт шилжүүлэн суулгах мэс засал юм.
Сүүлийн үед дижитал программууд болон 3D хэвлэх технологиор дамжуулан өвчтөний мэс засал хийлгэсэн эрүүний яс, нүүрний яс, шүдийг тухай хэвээр нь хуулбарлах замаар өвчтөний мэс заслын дараах амьдралын чанарыг сайжруулахад тусалж байна.
6. Урьдчилан сэргийлэлт
Амьдралын хэв маяг нь амны хөндийн хорт хавдартай салшгүй холбоотой болохыг харуулсан судалгааны үр дүнд хувь хүний амьдралын хэв маягийг сайжруулснаар амны хөндийн хорт хавдраас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байна.
Амны хөндийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд нь тамхи татахаа болих, архины хэрэглээгээ хянах, цацраг туяа эсвэл хэт ягаан туяанаас хамгаалах зэрэг орно. Олон судалгаагаар жимс жимсгэнэ, ногоон ногоо, А, С, Е витаминыг хэрэглэх нь амны хөндийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг нотолсон байна.
Халуун эсвэл хатуу хоол хүнс нь амны хөндийг цочроох, сайн таараагүй хиймэл шүдийг хугацаагаар хэрэглэснээс болж хурц үзүүртэй болж, амны хөндийг тасралтгүй гэмтээснээр амны хөндийн салст бүрхэвчинд шарх үүсэж амны хөндийн хорт хавдар болж хувирах магадлалтай болох нь мэдэгдээд байгаа юм. Тийм учраас зохих шинжилгээг тогтмол өгч хянах шаардлагатай.
7. Өвчтөнд хэлэх үг
“Ихэнх хорт хавдрын нэгэн адил амны хөндийн хорт хавдрын эхний үе шат, ахисан шатны хорт хавдрыг эмчлэх арга, үр дүн нь эрс ялгаатай байдаг. Эрт үе шатны хорт хавдрыг эмчлэхэд хялбар, бүрэн эдгэрэх магадлал өндөр хувьтай, үр дагаваргүй байдаг. Харин даамжирсан хорт хавдрын хувьд эмчлэхэд хүндрэлтэй, бүрэн эдгэрэх хувь багатай, янз бүрийн үйл ажиллагааны дутагдал дагалддаг тул амьдралын чанар муудах өндөр эрсдэлтэй байдаг.”
Иймд амны хөндийн хорт хавдрыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийн цэвэр байдалд анхаарч, тамхи татах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, амны хөндийн архаг цочроохоос сэргийлж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай юм.
Мөн хорт хавдар даамжирсан үед ч эрүүл мэндийн салбарын хурдацтай хөгжиж буй технологиор дамжуулан амьдралын чанарыг хадгалахын зэрэгцээ бүрэн эдгэрэх боломжоор хангахын төлөө эмнэлгийн ажилтнууд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа тул та бүхэн ч мөн шатгалгүйгээр бидэнтэй хамт даван туулаасай гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
Сөүл үндэсний их сургуулийн эмнэлгийн
чих хамар хоолойн тасгийн профессор ЖонИнЖэ