Skip To Content

Мэдээ

Дам холбох мэс засал, 4 хүртэлх насны Мояамояа эмгэгтэй хүүхдүүдийн тархины судас бөглөрөлтийг багасгаж, амь насаа алдах эрсдлийг бууруулдаг

Hit : 1,445 Date : 2023-09-04

Мояамояа өвчтэй, дөрвөөс доош насны хүүхдүүдэд дам холбох мэс засал хийх нь тархины судас бөглөрөхөөс сэргийлж, амьдрах магадлалыг ихэсгэдэг талаарх судалгааны хариу гарчээ.

 

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Ким Сын Гиг эмчийн судалгааны баг (хүнд өвчтөнүүдийг эмчлэх тасгийн профессор Ха Ын Жин) нь 1988 оноос 2020 оны хооронд СҮИС-ийн хүүхдийн эмнэлэгт дам холбох мэс засал хийлгэсэн 4-өөс доош насны, Мояамояа өвчтэй 135 хүүхдийн клиник төлөв байдалд анализ хийсэн томоохон судалгааныхаа үр дүнг өнгөрсөн 14-нд танилцуулжээ.

 

Мояамояа өвчин туссан үед тархины судас бөглөрсний улмаас тухайн хэсгийн тархины цусан хангамж зогсох, толгой өвдөх, бөөлжих, саажилт үүсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчин үүсдэг шалтгаан нь одоогоор тодорхой болоогүй байгаа тул эмчлэхэд хэцүү өвчний тоонд ордог. Ихэвчлэн бага насны хүүхдүүд, залуу хүмүүс энэ өвчнөөр өвчилдөг бөгөөд, газарзүйн хувьд Солонгос, Япон, Тайвань гэх мэт зүүн азийн улсуудад өвчлөл их байдаг.

 

Мояамояа өвчнийг голцуу дам холбох мэс заслын аргаар эмчилдэг. Дам холбох мэс засал гэдэг нь хуйхны судсыг авч тархины гадаргууд байрлуулдаг мэс засал бөгөөд тухайн судас нөхөн төлжсөнөөр тархийг цусан хангамжаар хангах бололцоог бий болгодог.

 

Гэвч 4-өөс доош насны хүүхдүүдийн хувьд мэс заслын дараах явц байдал тааруу байх магадлалтай гэж үздэг хүмүүс байдаг бөгөөд, өнгөрсөн хугацаанд дам холбох мэс заслыг хийх эсэх дээр үргэлж санал зөрөлдөөнтэй байдаг байв. Бодит байдал дээр ч 4-өөс доош насны хүүхдүүдийн хувьд тархины судас бөглөрөх явц хурдан байдаг бөгөөд мэс засал хүлээх хугацаанд тархины судас бөглөрөх юм уу дахин сэдрэх тохиолдол их байдаг.

 

Тиймээс судалгааны баг тархины хөгжил нь ид явц дундаа байгаа, тархи нь мэдрэлийн тойрог хэлхээгээ өөрөө өөрчилснөөр тархины үйл ажиллагаагаа сайжруулах чадвартай байдаг 4-өөс доош насны хүүхдийн ‘тархины онцлог’-ийг онцолж авч үзжээ.

 

Мөн тархины цусны эргэлтийг сайжруулснаар тархины хөгжил болон мэдрэлийн тойрог хэлхээ үүсгэх чадварыг дээд цэгт нь хүргэдэг дам холбох мэс заслын эерэг клиник үр дүнг батлахын тулд, 4-өөс доош насны мояамояа өвчтэй хүүхдүүдэд энэхүү мэс заслыг түлхүү хийж судалгаагаа явуулжээ.

 

Судалгааны баг дам холбох мэс засал хийсний дараах клиник онцлогийг дүгнэхийн тулд 1988 оноос 2020 оны хооронд дам холбох мэс засал хийлгэсэн 4-өөс доош насны мояамояа эмгэгтэй 135 хүүхдэд анализ хийжээ.

 

Мөн энэ дотроос мэс засал хийлгэсний дараах хугацаанд тархины судасны бөглөрөл, тархины цус харвалт үүссэн хувийг судлахын тулд 5-аас дээш жил ажиглалтанд байлгасан 102 хүүхдэд дахин урт хугацааны ажиглалт хийсэн байна.

 

Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан 102 хүүхдийн 88% нь мэс заслын дараа мэдрэлийн үйл ажиллагаа нь эрс сайжирсан байна. Мөн өвчин анх үүсэх үед эпилепси өвчин хавсарч үүссэн өвчтөнүүдийн 86% нь мэс заслын дараа эпилепси өвчин нь бүрэн эдгэрсэн байна. Мояамояа эмгэгтэй өвчтөний эпилепси нь тархины цусны эргэлт буурснаар тархины мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа алдагддаг ‘тархины ишеми’-тэй гүн холбоотой байдаг тул, эпилепси өвчин бүрэн эдгэрсэн гэдэг нь маш чухал ач холбогдолтой юм.

 

Мөн 4-өөс доош насны мояамояа өвчтэй хүүхдүүдэд дам холбох мэс засал хийх нь алсдаа тархины судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлэх чухал үр дүнтэй нь батлагдсан байна. Ажиглалтын явцад ямар нэг шинж тэмдэг хавсарсан тархины судасны бөглөрөл нийт 3 удаа үүссэн ба, нэг жилд үүсэх хувь нь 0.16% буюу маш бага байжээ.

external_image

[График] Шинж тэмдэг хавсарсан тархины судасны бөглөрөлт үүсэлгүй 20 жил амьдарсан -97%

 

Ялангуяа мэс заслын дараа ямар нэг шинж тэмдэг хавсарсан тархины судасны бөглөрөл үүсэлгүйгээр 20 жил амьдарсан тохиолдол 97% байсан. Энэ нь богино хугацааны ажиглалт биш, дунджаар 18.8 жил, дээд тал нь 27.3 жилийн урт хугацааны ажиглалт учраас энэ мэс заслын үр дүн болон аюулгүй байдлыг нотолсон гэсэн үг юм.

 

Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Ким Сын Ги хэлэхдээ “Энэ судалгаагаар 4-өөс доош насны мояамояа өвчтэй хүүхдүүдийн хувьд дам холбох мэс засал нь урт болон богино хугацааны аль алинд маш үр дүнтэй болохыг нотоллоо. Хурдан оношилж, зөв мэс засал хийсэн тохиолдолд энэ өвчнийг эмчлэх бүрэн боломжтойг харуулж байна” хэмээжээ.

 

Энэхүү судалгаа нь 4-өөс доош насны мояамояа өвчтэй хүүхдүүдийн талаарх хамгийн том хэмжээний судалгаа бөгөөд, мэдрэлийн мэс заслын олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болох ‘Neurosurgery’-гийн сүүлийн дугаарт хэвлэгджээ.

 

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь мояамояа өвчинтэй холбоотой судалгааны ажлын тоогоороо саяхан дэлхийд 2-т орсон бөгөөд хүүхдийн эмнэлэг нь 2017 онд мояамояа өвчтэй 1000 дахь хүүхдэд мэс засал хийсэн нь нэг эмнэлэгт мянган хүүхдэд мэс засал хийсэн дэлхийн анхны тохиолдол болжээ.

external_image

[Зүүн талаас] Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч профессор Ким Сын Ги, хүнд өвчтөн эмчлэх тасгийн эмч профессор Ха Ын Жин

Full Menu

전체 검색

전체 검색