Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь бөөрний архаг өвчнийг хүндрүүлдэг геномийн маркерыг дэлхийд анх удаа нээн илрүүллээ.

Hit : 2,287 Date : 2023-03-28

- TPPP болон FAT1-LINC02374 генүүд нь түүдгэнцрийн шүүлтийн хурд (eGFR) бууралттай холбоотой болохыг баталсан тул прогнозын маркераар ашиглана

 

- Генийн олон төвт оноо үнэлэх систем бүрдүүлж, өндөр эрсдэлт бүлгийг сонгох замаар бөөрний архаг өвчний хүндрэлийг урьдчилан таамаглах, оношлох боломжтой болж байна

 

 

  Тодорхой генийн мутац нь бөөрний архаг өвчний хүндрэлд нөлөөлдөг болох нь олон эмнэлгийн бөөрний архаг өвчний когортын судалгаагаар дэлхийд анх удаа батлагдлаа. Сүүлийн үед энгийн геномын маркерын шинжилгээгээр бөөрний архаг өвчний хүндрэлийг эрт үе шатанд урьдчилан таамаглах, оношлох боломжтой боллоо. Үүнийг ашиглан өндөр эрсдэлтэй бүлгийг сонгон эрчимтэй эмчлэвэл өвчний прогнозыг сайжруулах боломжтой гэдэг нь анхаарал татаж байна.

 

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Дотор - Бөөрний эмгэг судлалын тасгийн профессор У Гуг Хван болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны профессор Пак Сү Кён нарын хамтарсан судалгааны баг олон төвт бөөрний архаг өвчний когорт судалгааны өвчтөний эмнэлзүйн мэдээлэл болон геномын мэдээллийн санд үндэслэн бөөрний өвчний хүндрэл болон прогнозтой холбоотой геномын маркеруудыг судлан оношилгооны системийг боловсрууллаа гэж 28-ны өдөр мэдэгдлээ.

 

Бөөрний архаг өвчин (CKD, chronic kidney disease) нь бөөрний үйл ажиллагаа 3 сар ба түүнээс дээш хугацаанд тасралтгүй даамжран мууддаг архаг өвчин бөгөөд дэлхий нийтээр насанд хүрэгчдийн 10-аас дээш хувь нь энэхүү өвчний нөлөөг авахуйц хэмжээнд маш хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний өвчний арчилгаа болон эмчилгээг цаг тухайд нь хийлгээгүйгээс жил ирэх тусам бөөрний үйл ажиллагаа аажмаар доройтон бөөрний дутагдалд орж диализ болон бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хэмжээнд хүрч болзошгүй юм.

 

Бөөрний архаг өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудах хурд нь хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч ихэнх тохиолдолд 5-10 жилийн хугацаанд бөөрний үйл ажиллагаа мууддаг. Иймд бөөрний архаг өвчний эхэн үе шатанд хүндрэх болон диализ хийлгэх эрсдэл өндөртэй өвчтөний бүлгийг эрт таамаглан оношлож төвлөрсөн эмчилгээ арчилгаа хийх боломжтой оношилгооны систем юу юунаас илүү хэрэгтэй байна.  

 

Гэсэн хэдий ч одоог хүртэл нарийн оношилгооны систем дутмаг байсаар ирсэн. Бөөрний архаг өвчнөөр өвчлөх хувь нь удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг нь тогтоогдсон боловч ямар генын маркер өвчний явцад нөлөөлдөг нь нарийн тодорхой биш байсан шалтгаантай юм.

 

Судалгааны баг нь бөөрний архаг өвчний явцын хэмжүүр болох түүдгэнцрийн шүүлтийн хурд (eGFR)-ийн бууралттай холбоотой гентик өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор 2011 оноос эхлүүлсэн 10 жилийн турш тасралтгүй ажиглалт хийж байгаа Солонгос улсын олон төвт бөөрний архаг өвчний когорт (KNOW-CKD) судалгаагаар дамжуулан бөөрний архаг өвчтэй 1,738 өвчтөнд геномын өргөн хүрээний уялдаа холбоо дүн шинжилгээний судалгаа (GWAS)-г хйисэн байна.  

 

* GWAS гэдэг нь өвчлөл гэх мэт тодорхой нөхцөлтэй болон нөхцөлгүйгээс хамааран геномын ерөнхий ялгааг харьцуулан үнэлдэг судалгааг хэлдэг.

 

Судалгааны үр дүнд eGFR-ийн жилийн турших өөрчлөлтийг илэрхийлдэг ‘eGFR-ийн налуу’ нь бөөрний архаг өвчтэй өвчтөний прогнозтой холбоотой болох нь батлагдсан. Судалгааны баг нь энэхүү когортын өвчтөний клиник мэдээлэл болон геномын мэдээллийн сан (DB) дээр үндэслэн бөөрний өвчний хүндрэл болон урьдчилан таамаглах хүчин зүйл болох eGFR-ийн налуутай холбоотой геномын маркерыг судалсан.

 

  Судалгааны үр дүнд, хоёр шинэ генийн байршил болох ‘TPPP болон FAT1-LINC02374’-аас SNP (Single Nucleotide Polymorphism, дан нуклеотидын полиморфизм)-ийн тодорхой мутацийн загвар бөөрний өвчин нь хурдан хүндэрч байгаа өвчтөний бүлгээс ихээр илэрч байгааг дэлхийд анх удаа илрүүлсэн байна. Энэ нь судалгааны багийн олж илрүүлсэн ‘TPPP болон FAT1-LINC02374’ генүүд нь бөөрний архаг өвчтэй өвчтөнүүдийн прогнозтой холбоотой SNP маркер гэсэн үг юм.

 

Судалгааны багийнхан судалгааны үр дүнг батлахын тулд Европ болон Африк гаралтай хүмүүсээс бүрдсэн бөөрний архаг дутагдлын когортын (CRIC) судалгаагаар бөөрний архаг өвчтэй 2,498 өвчтөнд eGFR-ийн налуутай холбоотой P<10-6-аар сонгогдсон SNP-ийн үндэстэнд давтан судалгааг (replication study) хийсэн. Олон идэвхжилттэй генетикийн тоон байршил (eQTL)-ын судалгаа, төвлөрлийн дүн шинжилгээ, эпигенетик бүтэц судлах, транскрипцийн хүчин зүйлийн холбох хэсгийн дарангуйллыг урьдчилан таамаглах аргаар генетик байршлын нууцлагдсан биологийн нөлөөг судалсан байна.

 

eQTL судалгаа нь батлагдсан SNP-ээр бөөрний үйл ажиллагаатай холбоотой олон генийн идэвхжлийн түвшинг зохицуулдаг болохыг тогтоожээ. Эдгээр SNP нь генийн идэвхжлийг зохицуулдаг өдөөгч-инхансер бүсийн ойролцоо байрлан транскрипцийн хүчин зүйлийн холболтонд саад учруулдаг. Энэ үр дүн нь TPPP болон FAT1-LINC02374 байршил дахь мутаци нь eGFR-ийн налуутай холбоотой болохыг харуулж байна.

 

Судалгааны баг эдгээрээс бие даасан чухал ач холбогдолтой 22 SNP-ийг ашиглан транскрипцийн хүчин зүйлийн холболтонд саад учруулан eGFR-ийн бууралтыг илэрхийлдэг олон генийн эрсдэлийн оноо (PRS)-г гаргаж авсан байна.

 Судалгааны багийнхан үүн дээр үндэслэн бөөрний архаг өвчтэй өвчтөнүүдийн бөөрний үйл ажиллагаа хурдан муудах болон бөөрний дутагдлын сүүлийн шатанд орох зэргийг урьдчилан таамаглаж болох олон генийн эрсдэлийн оноо (PRS)-г тогтоон эмнэлзүйн ач холбогдлыг баталгаажуулсан гэж тайлбарлалаа.

external_image

[Зураг] eGFR-ийн налуугийн чухал ач холбогдолтой 22 SNP-ээс гаргаж авсан олон генийн эрсдэлийн оноо (PRS) бөөрний архаг өвчний үр дагаварт үзүүлэх нөлөө.

Олон генийн эрсдэлийн оноо (PRS) өндөр эхний 30%-д багтсан өвчтөнүүд бусад өвчтөнүүдтэй харьцуулахад бөөрний үйл ажиллагаа муудах болон диализ (бөөрний дутагдлын сүүлийн шатанд орох)-д орох эрсдэл тус тус 46% ба 51% илүү өндөр байжээ. Мөн олон генийн эрсдэлийн оноо өндөр эхний 5%-д багтсан өвчтөнүүд бусад өвчтөнүүдтэй харьцуулахад бөөрний үйл ажиллагаа муудах, диализинд орох эрсдэл тус тус 51% ба 91% илүү байсан байна.


Дотор - Бөөрний эмгэг судлалын тасгийн У Гуг-Хван профессор “Дэлхийд анх удаа нээн илрүүлсэн энэхүү TPPP болон FAT1-LINC02374 байршлын SNP маркерууд нь бөөрний архаг өвчтэй өвчтөнүүдийн бөөрний өвчний хүндрэлийг урьдчилан таамаглах маркер болж болохыг харуулж байгаа” бөгөөд “үүн дээр үндэслэсэн олон генийн эрсдэлийн оноог ашиглавал бөөрний архаг өвчтэй өвчтөнүүдийн дунд бөөрний үйл ажиллагаа хурдан муудах эрсдэл өндөртэй өвчтөнүүдийг урьдчилан таамаглах, сонгох боломжтой болж цаг алдалгүй эрчимтэй арчилгаа, эмчилгээ хийх боломжтой болно гэж найдаж байна.” гэж хэллээ.

 

Үүний зэрэгцээ энэ удаагийн судалгааны үр дүн бөөр судлалын салбарын хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл болох Америкийн Бөөр Судлалын Нийгэмлэгийн сэтгүүлийн(JASN, IF: 14.978) хамгийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.

external_image

[Фото зураг] Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Дотор - Бөөрний эмгэг судлалын тасгийн профессор У Гуг Хван, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны профессор Пак Сү Гён

Full Menu

전체 검색

전체 검색